МАН эрх барьсан 10 жилийн хугацаанд улсын хөгжил ухарсаар бид модоо барив. Гэтэл сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх учиртай АН улс орны төлөө санаа чилээх нь битгий хэл дотроосоо өмөрч унасан мод мэт л байна. АН-ыг дотроос нь идэж буй өт, хорхойнууд нь хуучин лидерүүд нь болоод тэдний гар хөл бологсод гээд хэлчихэд нэг их дэгсдэхгүй болов уу. Харин тэдний хүслээ гүйцэлдүүлдэг талбар нь Ардчилсан залуучуудын холбоо. Тэд уг холбоогоор дамжуулж АН дахь эрх мэдлээ олж авдаг.
Энэ өдрүүдэд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаа болж байна. Нэр дэвшигчдийг сонжвоос өнөө гар хөл бологсдоос хэдийн нэр дэвшжээ. Тэр дунд Элбэгдоржийн гэх хаяг шошготой Э.Галбадрал нэр дэвшсэн байх аж.
АН-ын хамгийн том зовлон ердөө энэ. Шинэ салхи оруулах салхивчийг нь хууччуул нь хамсаатнуудтайгаа бат нот дарчихдаг. Шинэ хүмүүстээ огтхон ч зай тавьж өгдөггүй.
Угтаа АЗХ хуучин лидерүүдийн улс төрийн нөлөөг хадгалдаг салбар байж болохгүй. Үе үед лидер бий болж, алхам алхмаар урагшилж, тэр дунд нь АН өсөж, өндийж, нас биенд хүрч байх учиртай юм. Гэтэл хуучны луугаруудын савраас болж АН “хуучин хүү” хэвээр байна.
Тэгвэл Ц.Элбэгдоржийн фракц гэх хаяг шошготой, өөрийн бус өрөөлийн санааг тээгч Э.Галбадрал гэгч ямархуу намтар түүхтэй хүн болохыг энд дурдъя. АЗХ-ны Ерөнхийлөгчид санаархсан нь карьерын үсрэлт үү, улс төрийн шагнал байв уу.
Түүний хувьд өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үед “Мон-Атом”-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогчоор томилогдож байв. “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогчоор ажиллаж байх ахуйд нь Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны тал ОХУ-аас худалдан авч байсныг онцлох нь зүйтэй болов уу. Улмаар АН ялагдаж, МАН засаг авснаар тэрээр ажлаа өгсөн.
Гэсэн ч Э.Галбадрал 2017 оны 5 дугаар сард буюу Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн суудлаас буухаас урьтаж АНУ-ын Сан Франциско хотын Ерөнхий консулаар томилогдсон байдаг. Энэхүү томилгоог улс төрийн хүрээнд "Элбэгдоржийн хамгийн итгэлтэй хүндээ өгсөн томилгоо" гэж үздэг.
Товчхондоо дээрх баримтууд тэдний холбоо хамаарал хэр гүнзгий болохыг илтгэж буй биз ээ. Нөгөөтээгүүр ийм залуу хэр нь энэ олон том албан тушаалыг бээлий шиг сольсон нь ар тал баттай болохыг түвэггүй харуулж байна.
Түүний хувьд олон том албан тушаал хашиж байсан гайхам түүхтэйгээс гадна баллуурдах аргагүй бараан түүхүүд ч олонтой нэгэн. Тэрээр төрсөн дүү Э.Цогбадралтайгаа БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай хамтран “Азын хүч РЛК” гэх компанийг байгуулсан байдаг. Улмаар хөрөнгө оруулагч гадаад иргэнийг 700 гаруй сая төгрөгөөр залилсан гэх гомдол гарч, шалгагдаж буй аж. Цаашлаад Богд уулыг хувийн өмч шигээ ашигласан талаар хэвлэлүүд мэдээлсээр байгаа. Тэрээр дүүтэйгээ хамтарч Богд ууланд зөвшөөрөлгүй барилгууд бариулсан асуудлыг хаацайлсаар буй гэх. Энэ бол жирийн нэг албан хаагчийн хийж чадах зүйл биш. Э.Галбадралын улс төрийн нөлөөгөөр бамбай хийж, айдасгүйгээр хийж буй үйлдэл гэдэг нь тодорхой биз ээ.
Үүгээр ч түүний тарьсан балаг дуусаагүй. Гэмгүй олон иргэдийн амийг авч, орох оронгүй болгосон Дүнжингаравын дэлбэрэлтэд ч түүний нэр холбогддог. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн хүнд оврын машин “Патрол” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж, ажил үүргээ гүйцэтгэж явсан гал сөнөөгч 3, энгийн 4 иргэн амь насаа алдсан билээ. Тус “Патрол” маркийн автомашины жолооч нь Э.Галбадрал байсан юм.

























