Дэлхий дулаарч, амьдрал хумигдаж байна

14
0
2 цагийн өмнө
Дэлхий дулаарч, амьдрал хумигдаж байна

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, байгаль орчны тэнцвэр алдагдах явц хурдассаар байна. Үүнийг дагаад амьд ертөнцийн олон янз байдал буурч, экосистемийн тогтвортой байдалд ноцтой аюул учирч буйг судлаачид анхааруулж буй. Нэг үгээр бол дэлхий дулаарахын хэрээр амьдрал хумигдаж байна. Монгол Улсын хувьд энэ өөрчлөлт дэлхийн дунджаас илүү хурдтай явагдаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас “Эх дэлхийн цаг” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон судлаачдын байр сууринаас харахад уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүний амьдрал, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж, томоохон сорилт болоод байна.

Судалгаагаар дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш 1.2°C-ээр нэмэгдсэн бол Монгол Улсад 1940–2022 оны хооронд 2.46°C-ээр өссөн байна. Энэ нь манай улс уур амьсгалын өөрчлөлтөд онцгой эмзэг бүс нутаг болохыг илтгэнэ.

Хүлэмжийн хийн ялгарлын өсөлт, ялангуяа нүүрсхүчлийн хийн агууламж нэмэгдэж байгаа нь дулаарал эрчимжих гол шалтгаан болж байна. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл 2100 он гэхэд дэлхийн температур 4°C-ээс дээш нэмэгдэх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулж байна.

Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхий даяар зэрлэг амьтдын тоо толгой дунджаар 73 хувиар буурсан нь гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм. Ялангуяа цэнгэг усны экосистемд хамгийн их доройтол ажиглагдаж, амьд ертөнцийн индекс 85 хувиар буурсан. Хуурай газрын амьтад ч мөн адил 69 хувийн бууралттай байгаа нь байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж байгааг харуулж байна.

Энэхүү доройтлын гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа юм. Хууль бус ан агнуур, байгалийн нөөцийн хэт ашиглалт, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс биологийн олон янз байдлыг устгаж байна.

Б.Чимэддорж: 2035 он гэхэд бидэнд хоёр дахь дэлхий хэрэг болж магадгүй 

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж:

 

-1970 оноос өнөөг хүртэлх гаргасан судалгааны үр дүнгээс үзэхэд цэнгэг усны амьд илэрхийлэл, амьд ертөнцийн индекс 85 хувиар буурч байгаа буюу жил бүр дунджаар 3.8 хувь буурч байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Цэнгэг усны асуудал өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд анхаарал хандуулах асар том зүйл болжээ.

Хуурай газрын амьд ертөнцийн индекс 69 хувийн бууралттай байгаа юм. Амьд ертөнцийн индекс, амьд байгаль гэдэг зүйл жил болгон уруудан доройтох хандлагатай байна. Үүнд хүний буруутай үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж хэлэв. Манай орны зэрлэг амьтдын тоо толгойн өсөлт хоргодлын талаар “1986 оны үед 130 мянга орчмоор тоологдож байсан халиун буга 2010 оны тооллогоор 16.500 болтлоо буурсан. Үндсэндээ 87.3 хувиар буурсан байгаа юм. Тарвага гэхэд 1990-ээд онд 20 сая болтлоо буурсан. 1980-аад оны үеэр 40 сая тарвагатай гэж байсан бол 2000-2002 он гэхэд таван сая хүрч 87.5 хувиар буурсан түүхэн баримтууд байж байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд зэрлэг амьтдын тоо толгой дунджаар 73 хувиар буюу гамшгийн хэмжээнд буурсан. Монгол орны хэмжээнд ч зэрлэг амьтны тоо толгой буурч байна. 

Мөн соргог бөхөн, монгол бөхөн гээд хоёр зүйл амьтан Монголд байдаг. Гэтэл 1960-аад оны төгсөгөлөөс хойш соргог бөхөн ерөөсөө үзэгдэж харагдахаа байсан. Монголоос устаж алга болсон. Мөн тэдгээр онтой зэрэгцээд тахь гэдэг амьтан байхгүй болсон. Харин тахийг 1992 оноос хойш Монгол Улсад сэргээн нутагшуулаад өнөөдөр 760-аад тахьтай болж дэлхий нийтийн хэмжээнд байгальд тахь эргээд сэргээн нутагшсан гэдэг байгаль хамгааллын сайхан үр дүнг гаргаж ирсэн. Соргог бөхөн одоо манайд байхгүй. Зөвхөн  Казахстан, ОХУ-ын зарим бүс нутагт тархаж амьдарч байна.

Ер нь ингээд дэлхий нийтийн хэмжээнд явагдаж байгаа энэ дүр зураг, бүх зүйлийг аваад үзэхээр 2035 он гэхэд бид нарт магадгүй хоёр дахь дэлхий хэрэг болох вий гэдэг дүгнэлтийг зарим эрдэмтэн судлаач хийдэг. Өнөөдөр бид байгалийг нөхөн сэргээж чадах хэмжээнээс даруй 30 хувиар илүү ашиглаж байна. Байгалийн нөөцийг хэтэрхий их ашиглаж байна гэдэг дүгнэлтийг гаргаад хоёр дахь дэлхийн эрэлд мордох эрсдэл байна шүү гэдгийг дэлхийн эрдэмтэн судлаачид гаргаж ирээд тавьчихсан” гэв. 

Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхий нийтийн хэмжээнд байгаль хамгаалах ажлыг санаачлах хэрэгжүүлэх олон талын оролцоог хангах үүднээс байгаль хамгаалах ажлыг авч хэрэгжүүлдэг байна. 

Тухайлбал, өндөр уул гэр орон нь болсон ирвэс гэдэг амьтан хамгааллаар 1994 оноос хойш анхаарал хандуулж иржээ. Ялангуяа баруун монголд гол анхаарлаа төвлөрүүлж байна. Үндэсний хэмжээнд анх удаа шинжлэх ухааны судалгааны аргачлалын дагуу судалгаа хийгээд 2017-2020 онд судалгааныхаа үр дүнг нэгтгээд монгол оронд нийтдээ 953 орчим бие гүйцсэн ирвэс байх боломжтой болохыг тооцоолжээ. Өөрөөр хэлбэл багадаа 806 орчим, ихдээ 1127, дунджаар бол 953 ирвэстэй гэсэн дүн гарсан байна. Үүнийг олон улс ч хүлээн зөвшөөрчээ. Гурван жилийн хугацаанд асар их хүн хүч, зардал шаардсан ажлынхаа үр дүнд байгаль хамгаалах ажилд томоохон хэмжээний түлхэц, үр нөлөө өгсөн ажлыг хийж гүйцэтгэжээ. Учир нь ирвэс хэмээх амьтан Улаан дансны үнэлгээгээрээ эмзэг статустай амьтан юм. 

Ирвэс нь Төв Азийн 11 оронд байдаг бөгөөд тэд далайн түвшнээс дээш 3500-4300 метрт хамгийн их тархаж байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлтэй холбоотойгоор 2070 он гэхэд тэд үүнээс даруй 100 метрийн өндөрт амьдрахаас өөр аргагүйд хүрэх тооцооллыг эрдэмтэд хийжээ.

Ө.Баярсайхан: Дэлхийн дулааралтай холбоотойгоор ирвэс өндрийн шилжилт хийж, амьдрах орчин нь хумигдаж байна 

МУИС-ын Биологийн тэнхимийн багш Ө.Баярсайхан: 

-Ирвэс нь Монгол Алтай, Говь Алтай, Хангайн уулархаг бүсэд 900–3500 метрийн өндөрт тархан амьдардаг бөгөөд өнөөдөр “устаж болзошгүй” ангилалд багтаж байна. 2070 он гэхэд уур амьсгал ирвэсийн хувьд тааламжтай бус болж эхэлнэ. Хэдийгээр хад асгатай ч халуун болж эхэлнэ. Тиймээс ирвэсийн хувьд дэлхийн дулааралтай холбоотойгоор өндрийн шилжилт байнга хийж байгаа. Ангилал зүйн бүхий л төрөл дээр ийм өөрчлөлт байнга ажиглагдаж байгаа. 

Цаа буга, аргаль, янгир зэрэг уулын бүсийн амьтад уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн дарамт, уул уурхайн нөлөөгөөр амьдрах орчноо алдаж, популяцийн хувьд тасрах аюулд хүрч байна. Эдгээр зүйлүүдийн ихэнх нь “эмзэг” болон “ховордож болзошгүй” ангилалд багтаж буй нь байгаль орчны доройтол ямар түвшинд хүрснийг тод илтгэнэ.

Харин тагийн болон асганы огдой зэрэг зүйлүүд одоогоор “анхааралд өртөхөөргүй” ангилалд багтаж байгаа ч өндөр уулын хязгаарлагдмал орчинд амьдардгаараа дэлхийн дулааралд онцгой мэдрэмтгий хэвээр байна. Энэ нь ирээдүйд эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байгааг анхааруулж байна.

Эндээс нэг чухал дүгнэлт гарч байна. Амьтдын тархалтын өөрчлөлт нь байгалийн энгийн хувьсал бус, харин хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтийн нийлмэл дарамтын үр дүн юм. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл зөвхөн амьтдын хувь заяа бус, хүний амьдрал өөрөө эрсдэлд орно.




 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334