Цоохор ирвэс өндөр уулсын экосистемийн идэш тэжээлийн гурвалжны оройд байж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалдаг нэн ховор амьтан. Цоохор ирвэсийг хамгаалснаар тухайн экосистемийн ус, ургамал, өвсөн тэжээлт амьтад зэргийг бүхэлд нь хамгаалах боломжтой юм. Ийм чухал амьтан. Энэ ч утгаараа нутгийн иргэд цоохор ирвэсийг “Уулын эзэн” хэмээн олон зууны турш нэрийдэж, хүндлэн дээдэлсээр иржээ. Харамсалтай нь, хууль бус агнуур, идэш тэжээлийн хомсдол, амьдрах орчны доройтол энэ нэн ховор амьтанд сөргөөр нөлөөлөх болов. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүн, мал ирвэсийн нутагт түрэн орсны улмаас малаа ирвэст алдаж, ирвэст өширхөх хандлага малчдын дунд бий болсон нь ирвэсийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгааллын шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Энэ удаагийнх Монгол, БНХАУ-ын байгаль хамгаалах байгууллагууд хамтрах болсноороо онцлогтой хамтын ажиллагаа болох юм. Дэлхийн цоохор ирвэсийн тархалтын дийлэнх хувь нь зөвхөн энэ хоёр улсад байдаг бөгөөд хамгааллын ажлыг амжилттай хийснээр дэлхийн цоохор ирвэс хамгаалалд үлэмж хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцолж байна. Тодруулбал, Монголын баруун бүсийн зургаан уул, БНХАУ-ын хоёр ууланд хамгааллын ажил таван жилийн турш өрнөх юм. Хоёр улсад өнөөг хүртэл хийгдсэн хамгааллын ажилд тулгуурлан, төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлэх ажээ.
Хамгийн онцлууштай нь, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс нутгийн баруун хэсэгт Алтай Саяны бүс нутагт цоохор ирвэс хамгааллын төслийг сүүлийн долоон жилд үр дүнтэй хэрэгжүүлсэн нь ийнхүү олон улс болон хандивлагч нарт бодитоор үнэлэгдэж, хамгааллын үйл ажиллагаа нь өргөжин тэлж байгаагийн томоохон нотолгоо боллоо.
Зэрлэг амьтан хамгаалалд бүх талууд оролцож байж л үр дүнд хүрдэг онцлогтой. Үүний хүрээнд тус байгууллагын мэргэжилтнүүд талуудтай хамтран хууль эрх зүйн орчныг сайжруулах, нутгийн иргэд, малчдын амьжиргааг дэмжих, иргэдэд танин мэдэхүйн мэдлэг түгээх, хүүхдүүдэд багаас нь экологийн зөв мэдлэг олгох зэрэг цогц олон ажил хийж амжуулжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх арга замыг шигтгэж өгснөөр ирвэс хамгааллын ажил улам далайцтай болж чаджээ.

























