Малын хаягдлыг баялаг болгосон монгол ухаан

16
0
4 өдрийн өмнө
Малын хаягдлыг баялаг болгосон монгол ухаан

Монгол Улс 60 орчим сая малтай ч ашиг шимийг нь бүрэн дүүрэн хүртэж чаддаггүй. Малын тоо өсөх тусам ашиг шим нь буураад ч байх шиг. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг бид зөвхөн малын мах, ноос, ноолуураа л үнэлж,  будсыг нь үл тоосоор. Өдөр бүр мал төхөөрч, махаа борлуулж буй малчдын хашаанд толгой, өөх, тос, дайвар бүтээгдэхүүн, яс, арьс шир зэрэг түүхий эд хаягдал гэх нэрийн дор хөглөрнө. Уг нь эдгээрийг ашиглан үйлдвэрлэл явуулж,  ашиг орлого олох боломж бий.  Тиймээс үхрийн арьс, ширийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд бий болж байгаа хэдий ч энэ нь мөн л хангалттай түвшинд биш. Угтаа бол монгол малын ширхэг үснээс эхлээд хөлийн туурай хүртэл бүгдийг нь ашиглах бүрэн боломжтой. Үүний эхлэлийн зураасыг татаж, малын гаралтай түүхий эдийг бүтээгдэхүүн болгон хувирган эдийн засгийн эргэлтэд оруулж буй малчдын нөхөрлөл, хоршоод бий болж буйд талархмаар. Тиймээс энэ удаагийнхаа сурвалжилгаар бид малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж буй жишиг туршлагуудыг онцлон хүргэж байна.

 

Хярамцагтай шөлтэй кофе шоп 

Нэгэн кофе шопын цэс тараг, сүү, сүүтэй цай, хайлмаг, шар будаатай сүү, өрөм зөөхий, ааруул, бяслаг, боорцог гээд цааш хөвөрнө. Бас хярамцагтай шөл, утаж хатаасан махтай гурилтай шөл, борцтой хоол гэх нэрс цэсийг нь илүү тодотгож байлаа. Содон бөгөөд сонирхолтой шийдэлтэй энэ газар бол “Баян түмэн кофе шоп”. Тодотговол, Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Дунгийн салхи” хоршооныхны  санаачлан хэрэгжүүлж буй үйлдвэрлэл, үйлчилгээ.

Тус хоршоо уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай малчдыг бэлтгэх, малын тоо толгойноос илүү чанарт анхаарах зорилготойгоор 2023 оны есдүгээр сард үүд хаалгаа нээжээ. Ингээд мал, мах, арьс шир, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, мөн бэлчээрийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

 

 Түүний нэг нь уламжлалт арга барилыг орчин үеийн шийдэлтэй хослуулан сүү, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулж буй “Баянтүмэн кофе шоп”. Тодруулбал, ихэвчлэн хаягдал болдог дайвар болон бусад түүхий эдийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон үйлчилдэг байна. Тэдний анх гаргасан, онцлох, нэрийн бүтээгдэхүүн бол хярамцагтай шөл. Ингэхдээ дээр үеийн уламжлалт арга барилаар буюу хатаасан цус, хөмүүл зэргээр амталж хийдэг байна. Тиймээс сумын төвийнхөө хүмүүсээс гадна аймгийнхныхаа ч итгэлийг татаж чаджээ.

Тэд байрлаж буй газартаа тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ч үйлчлүүлэгчдийнхээ итгэлд тулж өндийн аймаг руугаа нүүж төвхнөжээ. Ингэхдээ тэд  түүхий мах бус харин уламжлалт аргаар бэлтгэсэн утаж хатаасан мах, жерки, борцтой хоолоор кофе шопынхоо цэсийг баяжуулжээ. Хамгийн гол нь ямар нэгэн амтлагч, хүнсний ногоо хийдэггүй гэдгээрээ онцлогтой. Тэд зуны цагт малын махаа аарцны шар усанд дүрж, давслан аргалын утаанд хатааж сэврээдэг эртний аргыг хэрэглэдэг байна.

Тус кофе шоп сургууль орчмын бүсэд байрладаг тул хүүхдийн эрүүл мэндэд  сөрөг нөлөөгүй, ааруул, ээзгий, шар тостой сүү, тараг, шар будаатай сүү, шар сүүний чихэр зэрэг олон төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулан худалдаалж эхэлжээ. Кофе шопын бас нэгэн онцлог нь модон тагш, аяга таваг хэрэглэдэг шийдэл юм. Тиймээс хүүхдүүдэд аягаа долоодог эртний уламжлалт арга барилыг хэвшүүлэх зорилгоор халбага өгдөггүй гэнэ. Мөн бүтээгдэхүүнүүдээ авч явах, бэлэглэх боломжтойгоор савладаг байна. Ингэж зах зээлээ тэлж, тогтвортой үйл ажиллагаа явуулахад “АДАПТ” төслөөс томоохон дэмжлэг үзүүлжээ. Тодруул­бал, тус төслөөс 25 тоннын чингэлэг нийлүүлснээр малын мах, түүхий эд, сүү цагаан идээгээ зориу­лалтын саванд нөөцлөн хадгалж, улмаар тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн байна. Өмнө нь хадгалах, нөөцлөх зориулалтын савгүйгээс болж бүтээгдэхүүний түүхий эдийн нөөцгүй, үүнээс үүдэн тогтвортой үйл ажиллагаа явуулахад эрсдэл гарч болзошгүй нөхцөл байдал үүсдэг байжээ.

Хоршоо анх есөн гишүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө айл өрхийн ам бүлээр тооцвол, 120 гаруй хүнийг хамарсан өргөн бүрэлдэхүүнтэй болжээ. Хоршооны гишүүн малчдынхаа бэлтгэн нийлүүлж буй бүтээгдэхүүнийг кофе шопоор дамжуулан худалдаалах замаар мартагдаж буй уламжлалт, эрүүл хоол хүнсийг сэргээн үйлчлэх нь тэдний баримталж буй жанжин шугам гэдгийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Дунгийн салхи” хоршооны дарга И.Ариунбат онцлон тодотголоо. 

Тэрбээр “Бид хүмүүс идэж үзсэн, бас хийж чаддаг ч цаг хугацааны аясаар хуучирч, мартагдаж буй хоол хүнсийг сэргээхийг зорьж, энэхүү кофе шопоо нээсэн. Сумынхнаас гадна аймгийн төвийнхөн маань цайны цагаараа, эсвэл гэр бүл, найз нөхдөөрөө агаарт гарах зорилгоор зорьж ирж үйлчлүүлдэг байсан. Энэ нь бидэнд үйл ажиллагаагаа аймгийн төвд үргэлжлүүлэх итгэл өгсөн юм. Бид гаднаас нэг ч бүтээгдэхүүн худалдан авдаггүй.  Зөвхөн хоршооны гишүүдийнхээ бэлдсэн түүхий эдийг л хоол хүнсэндээ ашигладаг. Бид хоршооныхоо үйл ажиллагааг тойрог хэлбэрээр авч явахыг хичээдэг. Эрүүл хөрсөнд эрүүл өвс ургамал ургана. Эрүүл өвс ургамал идсэн мал, малын мах эрүүл байна. Эрүүл малын махаар хийсэн эко, органик хоол хүнс хэрэглэж буй хүмүүс эрүүл байх боломж бүрдэнэ. 

Гэвч хоршоо үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн хувьд зарим саад бэрхшээл гардаг. Учир нь, хүнсний үйлдвэрлэл худалдаанд тавигдах стандартуудыг бичил, өрхийн түвшинд хангах боломж хомс тул үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд хүндрэлтэй байдаг” хэмээгээд цаашдын зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцлаа. “Дунгийн салхи” хоршоо бэлчээрийн менежментийг сайжруулах зорилгын хүрээнд  цаашид ногоон тэжээл тариалахаар, мөн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, суурь төсөв хөрөнгөтэй болж чадвал жижиг хэмжээний нядалгааны цэг байгуулах зорилго өвөртлөн судалгааны ажлаа эхлүүлжээ. Хэрэв хоршоо дэргэдээ бойны цэгтэй болж чадвал мах, түүхий эдээ шууд бэлтгэж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.

 

Угтуулан тэжээсэн хурганы ханш эм хонины үнэтэй дүйцэх болжээ 

Дараагийн онцлох хоршоо бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 2005 онд үүд хаалгаа нээсэн, улсын тэргүүний “Тунгалаг уст шураг” хоршоо. Энэхүү хоршоо нь олон төрөлт буюу дэлгүүр үйлчилгээ, талх нарийн боов, сүүний цех зэрэг салбартай бөгөөд газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлдэг байна.

 

Энэхүү зорилго, чиглэлийн хүрээнд 2023 оноос тус хоршооны хоёр бүлгийн хоёр малчин хамтран сүргийн бүтцээ сайжруулах ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, улмаар зорьсон бодит үр дүндээ хүрчээ. Тодруулбал, “АДАПТ” төслөөс тус хоршоонд дөрвөн хуц нийлүүлж,  хоёр малчин тус бүр 100 хонийн хамт малласан байна. Ингэхдээ угтуулан тэжээх буюу хээлтэй байхад нь, мөн төллөснийх нь дараа ч гэсэн эх, хурга хоёрыг хамтад нь тэжээснээр 2024 онд төлөө бүрэн авч чаджээ. 

Ийнхүү тэд малын чанарыг сайжруулах замаар  богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгодоо хүрсэн байна. Тухайлбал, энгийн монгол хурганы амьдын жин 25 кг байдаг бол угтуулан тэжээсэн хурга нь 35-40 кг жин татжээ. Энэ нь энгийн хурганаас 5-10 кг-аар илүү үзүүлэлт бөгөөд ингэснээр зах зээлийн ханшаар эм хонины үнэтэй дүйцэж  байгаа аж.  Тус хоршоо 25 кг-аас дээш жинтэй нэг хургыг 90 мянган төгрөгөөр худалдан авч, дүрэм журмын дагуу 25-35 мянган төгрөгийн үнийн зөрүүг нэмэлтээр олгосон байна. Ингэснээр тухайн хурганы бодит үнэ 115-128 мянган төгрөгт хүрчээ.  Ийм зарчмаар хоёр малчин тус бүр 50 хурга борлуулахын зэрэгцээ нутгийн малчдын хүсэлтээр хуцан хурга айлуудад нийлүүлж, ашиг шимийг нь түгээх ажлыг эхлүүлжээ.

 

Малыг ийм аргаар тэжээх нь малчиндаа төдийгүй сум орон нутагтаа ч эерэг нөлөөтэй гэдгийг холбооны удирдлагууд онцолж байлаа. Нэгдүгээрт, малаа богино хугацаанд зах зээлд нийлүүлж, орлогоо нэмэгдүүлэх. Учир нь, малчид ихэвчлэн малаа 7-8 жил маллан өсгөж байж зах зээлд борлуулдаг байсан бол угтуулан тэжээснээр 7-8-хан сар маллаад л эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэдгийг тус хоршооныхон харуулав. Хоёрдугаарт, тоо бус чанарт анхаарч эхэлснээр бэлчээрийн зохистой харьцаа бий болох юм.

Тус хоршоо 220 орчим гишүүнтэй тул тэд хамтарч ямаагаа самнах, хонио хяргах зэргээр ажлаа нугалж, хүч хөдөлмөр, цаг хугацаагаа хэмнэдэг гэдгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Тунгалаг уст шураг” хоршооны дарга Ш.Нямсүрэн тодотголоо. Тэрбээр “Малчид маань тус бүрдээ мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ борлуулахад олон асуудалтай нүүр тулдаг. Дийлэнх нь л аймаг, нийслэл рүү тээвэрлэн очиж цаг хугацаа алдахын зэрэгцээ ченжүүдэд голж шилүүлсээр маш хямдхан өгдөг. Харин нэгдэн нийлж, хоршоо байгуулан ажилласнаар энэ бүх асуудал шийдэгдэж, ард үлдэж байна. Турхайлбал, мал, малын гаралтай түүхий эдийг өөрсдөө бэлтгэн, өртөг нэмж борлуулан эргээд гишүүддээ үнийн зөрүү олгох зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Ийм байдлаар өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж эхэлснээр зөвхөн хоршооны гишүүд төдийгүй сум орон нутгийн малчдад маань ч гэсэн эдийн засгийн болон бусад талын өндөр ач холбогдолтой байгаа” хэмээгээд  цаашдын зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцсан юм.

Тус хоршооныхон цаашид малчдынхаа мал сүргийн бүтцийг сайжруулахад анхаарч, угтуулан тэжээх арга барилыг өргөн хүрээнд үргэлжлүүлэхээр шийджээ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж, цаг хугацаа, санхүүгээ хэмнэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн “АДАПТ” төслийн хүрээнд тус хоршоонд нийлүүлсэн 20 тоннын хөргүүртэй чингэлгийг түшиглэн махны жижиг оврын үйлдвэр байгуулах зорилгын төлөө ажиллаж эхэлжээ. Үйлдвэртэй болсноор хоршооны гишүүд төдийгүй сум орон нутгийн малчид мал, махаа махны ченжүүдэд өгөх шаардлагагүй болж, тэр хэрээр малчдын орлого нэмэгдэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үнэ цэнд хүрэх боломж бүрдэх аж. Уламжлалт арга барилаар хургыг удаан хугацаанд нас бие гүйцтэл нь тэжээж байж эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагагүйг тус хоршооны хоёр малчин “АДАПТ” төслийн дэмжлэгтэйгээр үлгэрлэн харуулж, тохирсон ёсоор дөрвөн хуцаа хоршооныхоо дараагийн малчдад шилжүүлэн өгсөн байна.

 

Хаягдал өөх тосыг бүтээгдэхүүн болгосон нь 

Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хоршоодоос малын гаралтай хаягдлыг бүтээгдэхүүн болгон борлуулж буй “Цэцэн-Уул Цэгээн нуур” хоршоог онцолж байна. Тэднийг нэгдэн нийлж, хоршоо болон ажиллах эхлэлийг “АДАПТ” төслийн хүрээнд зохион байгуулсан “Саван хийж сурах сургалт” тавьжээ.

Цэцэн-Уул сум мал аж ахуй давамгайлсан бүс нутаг тул малын гаралтай өөх, тос их хэмжээгээр хаягддаг байна. Тиймээс түүнийг ашиглан саван үйлдвэрлэж эхэлсэн байна. Хамгийн анх 450 ширхэг саван хийж, аймагтаа борлуулж чадсан нь тэдэнд үйлдвэрлэлээ үргэлжлүүлэх итгэл өгчээ. 

Мөн тэд савангийнхаа  борлуулалтын орлогоор зөөлөн оёдлын материал худалдан авч, хослуулж эхэлсэн байна. 

Тус хоршооныхон одоогоор эдийн, гоо сайхны, хүүхдийн гэсэн гурван төрлийн саван үйлдвэрлэж, 3500-4000 төгрөгөөр худалдаалж байна. Хоршооны гишүүдийн дийлэнх нь малчин эмэгтэйчүүд тул бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болох малын өөх тосыг өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ өвлийн хүнсний үеэр нөөцөлж авдаг байна. 

 

Тус хоршооныхны үйлдвэрлэж буй савангуудын гол орц нь өөхөн тос бөгөөд толбо сайн арилгаж, хувцасны өнгийг сэргээдэг, мөн органик гэдгээрээ давуу талтай тул худалдан авагчдын итгэлийг хүлээж, аль хэдийнэ байнгын хэрэглэгчтэй болохын зэрэгцээ захиалга ч тасардаггүй болжээ. Тухайлбал, ирэх оноос өмнө бэлэн болгох, 1000 ширхэг савангийн захиалга авсан тул тэд ажлаа эрчимжүүлж эхэлсэн байна. 

Мөн тэд цаашид тоног төхөөрөмжөө сайжруулж, мөн ажиллах хүчээ нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилго дэвшүүлжээ.

Тухайлбал,  савангаа олон нэр төрлөөр үйлдвэрлэхийн зэрэгцэээ баяр ёслолд зориулсан сав баглаа боодолтой бэлгийн багцыг ч худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. Мөн оёдлын төрлөө нэмэгдүүлж, монгол гэрийн дотор болон гадна цагаан бүрээс, хаалганы дулаалга зэргийг хийхээр төлөвлөсөн тухайгаа Завхан аймгийн Цэцэн-Уул сумын “Цэцэн-Уул Цэгээн нуур” хоршооны дарга Я.Нарангэрэл ярилаа. 

Тэрбээр “Бид анх 100 мянган төгрөг нийлүүлж, үйлдвэрлэлийнхээ гарааг эхэлж, олсон орлогоороо дахин түүхий эдээ татан авах зарчмаар ажиллаж хоршооныхоо үйл ажиллагааг өргөжүүлж байна.  Хэрэг­лэгчдийн маань “Дахиж саван авна шүү”, “Саван захиалж болох уу”  гэх үгс  бидэнд маш том урам, хүч өгдөг” хэмээн ярилаа.  “АДАПТ” төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт, мөн борлуулалтын дэмжлэг нь тэдний гарааны бизнесийн түлхүүр болж, хаягдал болдог өөх тосыг үнэ цэнд хүргэж чадаж буйн жишээг “Цэцэн-Уул Цэгээн нуур” хоршооныхон үлгэрлэн харуулж буй нь энэ билээ.

 

Хөргүүртэй чингэлгийн “хүч” 

Дараагийн онцлох нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ суман дахь  “Бат бэх найрамдал” хоршоо. Тус хоршоо түүхий эд бэлтгэн нийлүүлэх, худалдаа үйлчилгээ явуулах зорилгоор 2012 онд үүд хаалгаа нээжээ. Анх есөн гишүүнтэй байсан бол өдгөө 60 гаруй гишүүнтэй болон өргөжиж, малын гаралтай түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх бүх шат дамжлагыг гишүүдийн оролцоотойгоор гүйцэтгэж, “хамтын хүч” гэдэг үгийн учрыг утгаар нь харуулж эхэлжээ.  

“АДАПТ” төслөөс өнгөрсөн онд тус аймгийн хоёр хоршоонд 20 тоннын хөргүүртэй чингэлэг нийлүүлсэн бөгөөд үүний нэг нь  “Бат бэх найрамдал” хоршоо юм. Тус хоршоо хөргүүртэй чингэлэгтэй болсноор үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, өргөжүүлэх боломж бүрдсэн зэрэг олон давуу тал бий болжээ. Тухайлбал, мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээ стандартын дагуу хадгалж, хэрэгцээтэй үедээ зах зээлд нийлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлж чаддаг болсон байна. Одоогийн байдлаар чингэлэгтээ арван бод, 200 гаруй богийн мах нөөцөлжээ. 

 

Тус хоршооныхон бэлтгэсэн үхрийн махаа сумынхаа сургууль, цэцэрлэгт нийлүүлдэг бол бог малын махаа Улаанбаатар хотын худалдаа үйлчилгээний төвүүдэд түгээдэг байна. 

 

Мөн тус төслөөс мал ачих, буулгах зориулалттай зөөврийн тусгай хашаа нийлүүлжээ. Ингэснээр малыг ачиж, буулгахад амар хялбар болохоос гадна мал ямар нэгэн байдлаар гэмтэж бэртэхээс сэргийлжээ.  Тухайн хашаа нь зөөврийнх тул мал ачиж, буулгахаас гадна, хоршооны гишүүд төдийгүй сум орон нутгийн малчид олон янзаар ашиглаж, ажлаа хөнгөвчилдөг байна. Тус хоршооныхон нийлж, ашиглалтад оруулсан мал нядалгааны цехээ өргөжүүлэх зорилготой байгаа талаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Бат бэх найрамдал” хоршооны дарга Г.Алтанцэцэг ярилаа.

 Тэрбээр “Цехээ өргөжүүлснээр малын махыг гулуузаар нь худалдаалах бус өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон нийлүүлэх зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, малын махаа эвдэж, ангилан ялгаж вакумжуулдаг болохоор төлөвлөж байна. Бид өнгөрсөн жил вакумжуулдаг жижиг машин авч, дайвар бүтээгдэхүүнээ ангилан ялгаж борлуулахад худалдан авагчид ам сайтай, эрэлт ихтэй байсан

 

Сүүлийн үед хүмүүс таван цул, хуйхалсан толгойг эрүүл хүнс гэдэг утгаар хүнсэндээ  их хэрэглэдэг болсон. Хоршооны давуу тал, малын буян их шүү. Малчид маань таван хонь байсан ч хоршоондоо өгнө гээд хүрээд ирдэг дээ” хэмээн ярилаа.  “Бат бэх найрамдал” хоршооныхон зөвхөн эдийн засгийн төдийгүй нийгмийн хувьд ч үлгэр жишээ болжээ. Гишүүдийнхээ хөдөлмөрийг үнэлж, ашгаа шударгаар хуваадаг, нутгийн иргэдийн итгэлийг олсон, малчдын хамтын хөгжлийн шинэ загварыг амжилттай бүтээж буй хоршоо юм. 

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй сайн туршлага” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины № 041/24668/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

 

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334