Хуванцар хогийн цэг дээр хаягдахгүй

31
0
2 өдрийн өмнө
Хуванцар хогийн цэг дээр хаягдахгүй

БНХАУ дэлхийн хуванцар хог хаягдлын 56 хүртэлх хувийг дахин боловсруулдаг байв. Ингэхдээ АНУ-ын хог хаягдлын 60%, Европын хог хаягдлын 70%, Ази болон бусад улсуудаас хог хаягдал импортолдог байжээ.
Азийн төдийгүй дэлхийн хог хаягдлын үйлдвэрлэл, дахин боловсруулалтын бизнесийн гол төвд тоглогч байсан БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагын хурал дээр Бээжин дэлхийн улс орнуудаас авдаг хуванцар болон цаасан хог хаягдлын импортоо бууруулахаа зарласан. Улмаар 2018 оны эхээс уг хориг хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэр нь дэлхий дахинд хог хаягдал дахин боловсруулалтын системд бүрэн өөрчлөлт оруулж, хог хаягдлын менежментийн шинэ эрин үеийг эхлүүлсэн байна. АНУ, Канад, Европ, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн улсуудын тал хувь нь шинэ хогийн цэг хайхаас өөр аргагүй байдалд хүрчээ.
Харин Монгол Улсын хувьд эдгээр улс орнуудын адилаар хуванцар хог хаягдалд зориулж хогийн цэг хайх хэрэгцээ шаардлага тулгарсангүй. Учир нь Монгол Улсын ус, ундааны PET хуванцар савны хэрэглээ жилд албан бусаар 18000 тонн юм. 

Харин “MCS Coca-Cola” компанийн санаачилгаар жилд 20000 тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай “Tи Эм Эл Пластик” үйлдвэр эл үйл явдалтай зэрэгцэн үйл ажиллагаагаа эхлүүлэв. Ингэснээр Монгол Улсад импортоор орж ирж байгаа бүх хуванцар хогийн цэг дээр очихгүй байх боломжтой болов.


Нэг удаа дахин боловсруулсан савыг хэдэн ч удаа дахин боловсруулж болно


“Ти Эм Эл Пластик” үйлдвэр нь  2018 онд үүсгэн байгуулагдаж, түүхий эдийн худалдан авалтаа эхлүүлжээ. 2021 онд тоног төхөөрөмжийн угсралт,
суурилуулалт, туршилт тохируулгын ажлаа дуусгаж үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулсан байна. Ингээд PET1 тэмдэглэгээтэй ус ундааны хуванцар савыг дахин боловсруулж rPET үрэл үйлдвэрлэж, экспортод гаргаж эхэлжээ. Энэ талаар “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн менежер Г.Хулан “Бид 2023 онд охин компаниа байгуулж, түүхий эдийг эх үүсвэр дээр нь цуглуулах, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ онд нэмэлт тоног төхөөрөмж суурилуулан хүнсний зориулалтын түүхий эд үйлдвэрлэж эхэлсэн. Монгол Улсад ус, ундааны PET хуванцар савны хэрэглээ жилд албан бусаар 18000 тонн юм. Харин үйлдвэр нь жилд 20000 тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай. Ингэхдээ Итали Улсаас гаралтай Европын холбооны стандарт шаардлагуудыг бүрэн хангасан “Sorema” төхөөрөмжөөр хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу хэрчдэс үйлдвэрлэдэг. “Sorema” төхөөрөмж нь хэрэглэгчээс ирсэн түүхий эдийг угааж, өнгө болон бусад төрлийн хуванцраар нь ангилан ялгаж, хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу хэрчдэс болгодог. Үүний дараа Австри Улсаас гаралтай “Erema” төхөөрөмжөөр хэрчдэсийг эцсийн бүтээгдэхүүн болгон rPET үрэл болгодог. Тодруулбал, “Erema” төхөөрөмж нь хэрчдэсийг маш өндөр температурт хайлуулах, хөргөх, талсжуулах, хэрчих зэрэг процессоор rPET үрэл үйлдвэрлэдэг. Эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн чанар хяналтын алба буюу дотоод лабораторид олон улсын болон MNS стандартуудын дагуу шинжлээд, хүнсний зориулалтын шаардлага хангаж байвал хүнсний зориулалтаар, шаардлага хангахгүй бол хүнсний бус зориулалтын эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг.
Хүнсний зориулалтын шаардлага хангаж байвал ус ундааны сав болгон ашиглах боломжтой. Харин хүнсний зориулалт хангахгүй бол нэхмэлийн утас болгон ашиглаж болдог. Үүнийг дэлхийн томоохон үйлдвэрүүд хувцас үйлдвэрлэлд ашигладаг.  “Sorema” төхөөрөмж нь цагт 2 тонн хэрчдэс үйлдвэрлэх хүчин чадалтай” гэв.


rPET‑ийн хэрэглээг нэмэгдүүлэх нь байгаль орчны бохирдлыг бууруулж, улмаар хүний эрүүл амьдрах орчныг хамгаалах ач холбогдолтой. Тодруулбал, rPET бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь PET үрэл үйлдвэрлэх үйл явцаас нүүрсхүчлийн хий 64 хувь, эрчим хүч 70 хувь, усны нөөц 86 хувиар тус тус бага зарцуулна. Мэдээж дахин боловсруулалтын тойрог үүсгэснээр байгальд ямар нэг хог хаягдал хаягдахгүй гэсэн үг. Харин нэг удаа дахин боловсруулсан савыг хэдэн ч удаа дахин боловсруулж болно.

Жилд 18 мянган тонн хуванцарын хэрэглээтэй ч ердөө 4 мянган тонныг нь л цуглуулж байна
“SESL” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Даваа: 
-Бид дүүргүүдийн СӨХ, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс долоо хоногийн таван өдөр хуваарийн дагуу хуванцар хог, хаягдал очиж авдаг. Орон нутгийн хувьд Улаанбаатар хотоос 150 километр дотор бид өөрсдөө очиж авдаг. Алслагдсан хөдөө орон нутгаас татан авалт хийхдээ тээврийн компаниудтай хамтардаг байгаа. Тээврийн компаниуд маань нийгмийн хариуцлагын хүрээнд хямдралтай үнээр тээвэрлэж өгдөг.
Улаанбаатар хотод байгаа гурван том хогийн цэгээс нийт хуванцар хог хаягдлын 62 хувийг авч байна. Харин СӨХ, аж ахуйн нэгж, үзвэр үйлчилгээний байгууллагуудаас 20 хувийг авдаг. Хуванцар хог хаягдлын үлдсэн 18 хувийг орон нутгаас татан авдаг бөгөөд үүний дийлэнх хувийг “Оюу толгой” ХХК эзэлж байна. Мөн аймгуудын ТҮК-үүдтэй хамтран ажиллаж байгаа.  

 
Дээр хэлсэнчлэн Монгол Улсад жилд 18000 тонн орчим ус, ундааны PET хуванцар сав хэрэглэдэг гэсэн албан бус тоо бий. Гэвч одоогоор үйлдвэр 4000 тонныг нь цуглуулж байна. Хэдий цуглуулалтын сүлжээ, хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд бүрдсэн ч импортлогдож буй нийт хуванцрын дөрөвний нэгээс ч бага хувийг л цуглуулж байгаа нь бодит байдал дээр хангалтгүй үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь:
-Иргэдийн эх үүсвэр дээр ангилан ялгах дадал сул
-Санхүүгийн урамшуулал, хөшүүргийн тогтолцоо хангалтгүй
-Орон нутагт цуглуулалт, тээвэрлэлтийн зардал өндөр
-Дахин боловсруулах зах зээлийн үнэ, эрэлт тогтворгүй зэрэгтэй холбоотой.
Хуванцар хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд иргэдийг урамшуулах санхүүгийн хөшүүрэг, орон нутгийн тээвэр, логистикийн дэмжлэг, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цогцоор шийдэх шаардлагатай байна.


Байгаль орчинд тархаад буй хуванцрыг булшлах биш харин эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж дахин ашиглах шаардлага бидэнд тулгараад байна. Гэвч манай улсын Хог хаягдлын тухай хуульд орчин үеийн чиг хандлага бүхий дахин боловсруулалт, тойрог эдийн засгийн ойлголтууд туссан хэдий ч үүнийг хэрэгжүүлэх санхүүгийн, удирдлагын механизм сул. Дахин боловсруулалт нь сайн дурын байдалтай, санхүүгийн дэмжлэг, булшлахыг хориглосон, бууруулах шаталсан заалт огт байхгүй. Хог хаягдлын хяналт, торгуулийн систем байхгүй, эрсдэлд суурилсан шалгалт, өгөгдөлд тулгуурласан мониторинг, эдийн засгийн албадлага сул байгаа нь хяналтыг “баримт бичгийн түвшинд” хийж гүйцэтгэж байна гэж үзэж байгаа талаар МУИС-ийн Инженер технологийн сургуулийн дэд профессор Т.Энхдөл хэлэв.


Дахин боловсруулалтыг дэмжих дэлхийн туршлага


Дэлхий нийт хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зорилгоор дахин боловсруулалтыг дэмжих олон төрлийн хөшүүрэг, бодлогыг хэрэгжүүлж байна. Ялангуяа, өндөр хөгжилтэй улс орнууд санхүүгийн урамшуулал, ухаалаг системд суурилсан шийдлүүдийг ашиглан иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд онцгой анхаарч байгаа нь үр дүнгээ өгч байна. Тухайлбал, дахин боловсруулалтыг дэмжих уриалга, сурталчилгаанаас илүүтэй бодит урамшуулал олгодог санхүүгийн хөшүүрэг нь иргэдийн зан үйлд шууд нөлөөлдөг. Үүний нэг жишээ нь эх үүсвэр дээрээ хог хаягдлыг ангилан ялгаж байгаа иргэдийн хогны төлбөр, хураамжийг бууруулах, эсвэл оноо, ваучер, мөнгөн урамшуулал олгох тогтолцоо юм.


Жишээ нь, Хонконг 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн “GREEN$” буюу “Ногоон койн”-той смарт картын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэд дахивар цуглуулах цэгүүдээр идэвхтэй үйлчлүүлж, хаягдлаа ангилан ялган тушаах бүртээ урамшуулал авдаг болсон байна.
Иргэд 2 килограммаас дээш хэмжээтэй дахивар авчирснаар “GREEN$” смарт картдаа койн цуглуулах боломжтой байхаар зохицуулалтыг хийжээ. Дахивар цуглуулах цэг дээр очихдоо картыг уншуулах эсвэл картын ард байрлах QR кодыг уншуулснаар ногоон койн хуримтлуулна. Цуглуулсан койноо дараа нь бэлэг, үйлчилгээ, урамшууллаар солих боломжтой бөгөөд энэ нь иргэдийн идэвхийг бодитоор нэмэгдүүлжээ.
Харин Норвег Улс дахин боловсруулах урамшууллын системийг 1996 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд эхний 10 орчим жилд нь уг тогтолцоог хэрхэн хамгийн үр дүнтэй зохион байгуулах талаар судалгаа, туршилт, хэлэлцүүлгийг идэвхтэй явуулсны үр дүнд өнөөгийн амжилттай систем бүрэлджээ.
Тус улсын систем нь ус, ундааны PET хуванцар сав, мөн хөнгөн цагаан лааз, бага хэмжээний HDPE төрлийн хуванцар савыг буцаан цуглуулахад чиглэдэг. Харин хоол хүнс, ахуйн бусад хэрэглээний хуванцар сав, савлагаа уг системд хамрагддаггүй.
Иргэд худалдан авах үедээ төлсөн барьцаа мөнгөө улс даяар байрлах 3,500 гаруй дахивар цуглуулах автомат машинаас буцаан авдаг.

Эдгээр автоматаар дамжуулан ус, ундааны савны 93 хувийг цуглуулж чаддаг бол үлдсэн 7 хувийг гар аргаар, 11,500 бүртгэлтэй цуглуулах цэгээр дамжуулан хураан авдаг байна.


Жишээлбэл, 330 мл-ийн хуванцар савыг буцаан өгвөл 1 крон (ойролцоогоор 0.10 евро), 2 литрийн хуванцар савыг буцаан өгвөл 2.5 крон (ойролцоогоор 0.26 евро) гэх мэтээр бодит мөнгөн урамшууллыг бий болгожээ.
Энэ мэт олон улсын туршлагаас харахад дахин боловсруулалтыг амжилттай хөгжүүлэх гол түлхүүр нь санхүүгийн бодит урамшуулал, ухаалаг цуглуулалтын систем, иргэдийн оролцоог дэмжсэн тогтвортой бодлого юм. Хонконг, Норвегийн жишээ Монгол Улсад дахин боловсруулалтын тогтолцоог шинэ шатанд гаргах боломж байгааг харуулж байна. Иргэдэд ашигтай, ойлгомжтой, шударга урамшууллын системийг нэвтрүүлж чадвал дахин боловсруулалтын хувь хэмжээг бодитоор нэмэгдүүлэх бүр цаашлаад хуванцар хог хаягдал хогийн цэг дээр хаягдахгүй байх технологийн боломж нь Монгол Улсад хэдийн бий болжээ.

 

Б.НОМИН

Хуваалцах:

ШИНЭ
ЭРЭЛТЭЙЭРЭЛТЭЙ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

logic.mn

LOGIC.MN

Шинэ мэдээлэл

Утасны дугаараа бүртгүүлээд логиктой мэдээллээ аваарай.

Вэб сайт бүтээсэн Цаст солюшн ХХК - 76771111, 88014334