"Биологийн олон янз байдлын олон улсын өдөр"-ийг тохиолдуулан "Монголын говийн биологийн олон янз байдал форум"-ийг өнөөдөр (2025.05.29) Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулж байна. Энэхүү форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгуулж буй.
Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 80 жилд эрчимтэй явагдсан. Үүнийг дэлхийн дундажтай харьцуулахад агаарын дундаж температур энэ хугацаанд хоёр дахин илүү буюу 2.25 хэмээр дулаарч, жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурснаас тодорхой харж болно. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсад цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэж, гол, мөрөн хурдацтай ширгэж, мөнх цэвдэг сүүлийн 50 гаруй жилд даруй 30 гаруй хувиар хумигдсан байна. 2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.0 сая.га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Цөлжилт, газрын доройтлын 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүсч байгааг судлаачид тогтоосон байна.