Монгол Улс тогтвортой хөгжлийн тайланд 166 улсаас 99-р байранд эрэмбэлэгдэж байна
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сүлжээнээс жил бүр Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн байдлыг 17 зорилго тус бүрээр үнэлж тайлан гаргадаг. 2024 онд гаргасан Тогтвортой хөгжлийн тайланд Монгол Улс 66.31 оноо авч 166 улсаас 99-р байранд эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 онд хийсэн судалгаагаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын 13 хувь нь Байгаль орчин, нийгэм, засаглалтын (БОНЗ)-ын мэдээллээ ил тод нээлттэй мэдээлдэг гэжээ. Энэ нь БОНЗ-ын тайлангаа тайлагнах эрх зүйн зохицуулалт хангалтгүй буюу сайн дурын үндсэн дээр гаргадагтай холбоотой. Иймд тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд хувийн хэвшлүүдийг татан оролцуулах нь чухал юм. Хувийн хэвшил нь эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулаад зогсохгүй нийгмийн тэгш байдал, экологийн тогтвортой байдал, инновоци, ажлын байр, ногоон шилжилт зэрэг олон салбарт шууд болон шууд бус нөлөөтэй.
“Green washing”-аас хэрхэн сэргийлэх вэ
“Green washing” хийж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээхгүй байх асуудал дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байна. Олон улсын зарим судалгаануудыг харахад тогтвортой гэж зарласан бүтээгдэхүүний 42 хувь нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн байдаг байна. “Volkswagen” компани 2009-2015 онд “цэвэр дизель” гэх сурталчилгаатай автомашин борлуулж байв. Уг автомашин нь дизель хөдөлгүүртэй боловч, хорт утаа бага ялгаруулдаг хэмээн худалдаанд гарахдаа зарлагдаж байлаа. Хэрэглэгчдэд эко, шатахуун бага зарцуулдаг, бохирдол багатай гэж итгүүлж байжээ. Гэтэл 2015 онд АНУ-ын “Environmental Protection Agency”-аас шалгалт хийж тус автомашин нь 40 дахин их азотын исэл ялгаруулдаг болохыг лабораторийн нөхцөлд илрүүлсэн байна. Учир нь “Volkswagen” компани тестлэх үед ялгаруулалтыг зохиомлоор багасгадаг тусгай программыг суурилуулсан байжээ. Улмаар “Volkswagen” компани АНУ-д 30 тэрбум ам.долларын торгууль төлж, 11 сая гаруй автомашинаа дэлхийн улс орнуудаас эргүүлэн татсан байна.
Иймд хэрэглэгчид аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо үнэн зөв эсэхийг нягталдаг байх нөгөө талд компаниуд “Green washing” хийхгүй байхад анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлүүд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тайлагналын стандартуудын дагуу байгаль орчин, нийгэм, засаглалын зарчимд суурилсан мэдээллийг олон нийтэд мэдээлж, тайлагнах нь чухал юм. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн аргачлал, стандартууд байдаг бөгөөд тэдгээрийг өөрийн байгууллагын онцлогт тохируулан ашигласнаар хөрөнгө оруулагчид болон олон нийтэд ойлгомжтой мэдээлэл хүргэх боломжтой. Мөн өөрийн компанийг бусад компаниудтай болон өмнөх жилүүдтэй харьцуулах боломжийг олгодог.
Монгол Улсад сайн дурын үндсэн дээр “БОНЗ”-ын тайлан гаргаж байгаа компаниудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тэдний нэг болох “Unitel” группийн тухайд Тайлагналын олон улсын санаачилга “GRI”-ын индекс, Тогтвортой байдлын нягтлан бодох бүртгэлийн стандарт зөвлөл “SASB”-ийн индекстэй хослуулан ашиглажээ. Харилцаа холбоо, технологийн компани тогтвортой хөгжилтэй хэрхэн уялдан ажиллаж буй талаарх тайлангаас онцлох мэдээллийг хүргэе.
Төв Азийн улсуудаас анхны "AUTIN" системийг нэвтрүүлэв
Юнител групп нь хэрэглэгчдэдээ хэвийн, найдвартай, тасралтгүй үйлчилгээ үзүүлж, аливаа гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг шуурхай илрүүлэн шийдвэрлэх бодлогын хүрээнд технологийн хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийжээ.
2024 онд бүрэн автоматжуулсан сүлжээний хяналтын төв (vNOC)-ийг бий болгох зорилгоор HUAWEI компанийн гаргасан Automation Intelligence System (AUTIN)-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Энэхүү ухаалаг системийг 54 улсын 100 гаруй оператор компани ашигладаг бол Юнител групп Төв Азийн улсуудад анх удаа тухайн системийг нэвтрүүлсэн байна. "АUTIN" системийг нэвтрүүлснээр доголдлыг илрүүлэх, засварлах хугацааг 60%-иар бууруулжээ.
"AUTIN" систем нь Монгол орныг бүрхсэн сүлжээний станц нэг бүрд гэмтэл саатал гарвал инженер, засварын ажилтан биеэр очих шаардлагагүйгээр автоматаар цаг алдалгүй гэмтлийг илрүүлдэг дэвшилтэт технологи юм. Мөн хол зайнаас гэмтлийг засварлаж, сүлжээний ачааллыг ухаалгаар удирдах боломжтой. Ингээд зогсохгүй ажилтнууд станцуудын хэвийн ажиллагааны мэдээллийг авч, хянах боломжийг олгосноор илүү таатай орчинд, түргэн шуурхай ажиллах боломж бүрдэж байгаа юм.
“RoboKID” сургалтаар дамжуулан 712 хүүхдэд робот угсрах, код бичих чадвар олгов
Монгол Улсад боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, цахим хуваагдал, ур чадварын зөрүүг бууруулах зорилгоор "Unitel STEAM HUB" үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. 2022 онд Дархан-Уул аймагт анхны “Unitel STEAM HUB” төвийг туршилтаар нээж байсан бол 2023 онд 11 аймагт, 2024 онд 8 аймагт нээснээр нийт 20 аймагт амжилттай үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.
“Unitel STEAM HUB” төв нь олон нийтийн боловсролыг дэмжих зорилготой. Тус төвүүд нь бүгд суурин компьютер, таблет, проектор, VR төхөөрөмж зэрэг цахим хэрэглээнд суралцахад шаардлагатай төхөөрөмжүүдээр жигд тоноглогдсон бөгөөд үйлчлүүлэгчид төхөөрөмжүүдийг сургалтын хэрэгцээнд болон бие даан өөрийгөө хөгжүүлэхэд ашиглах боломжтой ажээ. 2024 онд төвүүддээ робот угсрах, код бичих чадвар олгох “RoboKID” сургалтыг санал болгосон аж. Ингээд 20 аймгийн 712 хүүхдийг хамруулжээ.
Тусгай хэрэгцээт 66 ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна
Юнител групп олон талт онцлог байдал, ижил тэгш оролцоог байгууллагын засаглал, хүний нөөцийн бодлого, бизнесийн үйл ажиллагаанд бүрэн шингээж, хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийг зорьжээ. "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо" ТББ-тай хамтран Тус Холбооны гишүүдтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тэдгээр хүмүүсээс ажилтнууддаа бариа засал болон катеринг үйлчилгээ авч ажиллаж байна. Тусгай хэрэгцээт 66 ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд 29.239 төхөөрөмж хэрэглэгчдээс буцаан цуглуулжээ
Амьдралын мөчлөгийн төгсгөлдөө хүрсэн төхөөрөмжүүдийг хэрэглэгчдээс буцаан цуглуулахад тулгардаг хамгийн том саад бэрхшээл нь олон нийтийн дунд электрон хаягдлын тухай мэдлэг болон мэдээллийн хомс байдал юм. Тиймээс Юнител групп 2024 онд хоёр дахь жилдээ 'No E-Waste' нөлөөллийн кампанит ажлыг хэрэгжүүлээ. Уг ажлын хүрээнд хэрэглэгчдэд электрон хог хаягдал, түүний байгаль орчинд үзүүлэх хор нөлөөний тухай мэдээллийг өгч, олон нийтийг байгальд хайртай, хариуцлагатай иргэд байхыг уриалж, Юнивишн хаягдал төхөөрөмжүүдийг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай хамтран байгальд ээлтэй байдлаар зохицуулдаг тухай сурталчлахыг зорьсон байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэглэгчдээс нийт 29.239 төхөөрөмж буцаан цуглуулж, хог хаягдлыг дахин боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компанид хүлээлгэн өгчээ.
2021 оноос хойш 71 хөв цөөрөм байгуулжээ
Юнител групп нь байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон байгаасай” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрөөрөө дамжуулан байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагаануудыг санаачлан, тогтмол хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд 2021 онд "Хөв цөөрөм" цөөрөм байгуулах төслийг эхлүүлжээ. Үүнээс хойш 15 аймгийн газар нутагт, 71 хөв цөөрөм байгуулсан байна. Мөн махчин шувуудын амьдрах орчныг сайжруулах замаар тэдний тоо толгойг нэмэгдүүлж, улмаар тэдний идэш тэжээл болох мэрэгчдийн тоог бууруулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Шувууны үүр” төслийг хэрэгжүүлжээ. Уг төслийг 2022 онд НБОГ-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт 30 үүр байршуулсан байна. Байршуулсан үүрнүүд дээр чанарын судалгаа хийхэд 25 үүрэнд 189 бодгаль бүртгэгджээ. Улмаар үлийн цагаан оготнын нягтаршлыг 2022 онтой харьцуулахад 30-50 дахин буурсан байжээ.
Бааз станцуудын цахилгаан эрчим хүчний 10 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж байна
Юнител групп алслагдсан бүс нутгуудад сүлжээний өргөтгөл хийхдээ нарны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашигладаг байна. Ингэснээр эрчим хүчний дутагдалтай бүсэд бие даасан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр өөрсдийн хэрэгцээгээ хангах боломжтой болжээ. 2024 онд 33 нарны эрчим хүчээр ажилладаг бааз станц шинээр суурилуулсан байна. Үр дүнд нь бааз станцуудын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 10 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангаж байгаа аж.
"Юнител группийн ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАН 2024"-тай дэлгэрэнгүй танилцах
Сэтгүүлч Б.Номин